Эд юмсын интернет гэж юу вэ?
“Эд юмсын интернет” гэдэг нь гадаад орчинтой харьцах, хоорондоо харилцан үйлчлэхэд зориулагдсан радио давтамжийн таниулах хэрэгсэл бүхий эд, биет зүйлсээс бүрдсэн, мэдээллийн сүлжээний шинэ төрөл юм. Энэ ойлголтыг зарим бичлэгийн төрөл зүйлүүдэд Internet of Things буюу IoT гэсэн товчлолыг ашиглан илэрхийлдэг. Ийм төрлийн сүлжээг улс орон, салбарыг хамарсан /глобал/ томоохон болон дотоод сүлжээ буюу жижиг хэмжээтэй сүлжээний аль ч хэлбэрээр байгуулах нь олон үйл явц хүний оролцоогүйгээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн харилцаанд эрс өөрчлөлт авчрах боломжийг бүрдүүлнэ.
“Эд юмсын интернет”-ийг ихэнхдээ Интернетээс орж болох олон эд зүйлийн цуглуулга мэтээр төсөөлдөг нь учир дутагдалтай юм. Энэ сүлжээний үндсэн санаа нь эдгээр зүйлсээс интернетэд орж болдогт биш, харин эдгээр “эд юмс” нэгдсэн нэг сүлжээнд хамрагдаж, танилтын давтагдахгүй дугаартай болж, бусад зүйлстэйгээ харилцан үйлчлэх боломж бүрдэж байгаад юм.
Өөдрөг бус төсөөллөөр бол ирээдүйд хүмүүс виртуал ертөнцөд живж өөрсдийн ихэнх чөлөөт цагаа Интернетийн орчинд үрж байх юм байна. Гэвч “Эд юмсын интернет”-ийн ачаар бидний амьдралд төсөөлшгүй зүйл болох болно: амьдрал өөрөө Интернет шиг хувирах юм.
Технологийн түшиц
Шинэ инновацийн технологиудын ачаар “Эд юмсын интернет” бидний амьдралд өдрөөс өдөрт улам гүнзгий нэвтэрч сэргэн мандаж буй IT-ийн чиг хандлага гэж тооцогдож байна. Эдгээр технологи нь үүлэн тооцоолол гарч ирсэн, машин хоорондын харилцан үйлчлэлийн технологийн хөгжилт, IPv6 протоколд идэвхтэй шилжин орж буй эхлэл, програм хангамжаар бүтэцлэгдэх сүлжээг нэвтрүүлж буй зэрэг юм. “Эд юмсын интернет”-ийг байгуулахын тулд энэ тэргүүнд RFID-таних хэрэгсэл (радио давтамжийн тусламжтай танилт хийх технологи) болон утасгүй сенсор /ухаалаг дэлгэцийн/ сүлжээ хэрэгтэй.
RFID юунд хэрэгтэй вэ?
RFID технологи гэдэг нь эд зүйлийг RFID-таних гэж нэрлэгддэг хэрэгсэлд хадгалагдаж буй өгөгдлийг радио давтамжийн дохиоллоор унших, бичих арга юм. Уг аргачлал зарим биет зүйлийн хөдөлгөөнийг дагуулж хянах, тэдгээрээс бага хэмжээний мэдээлэл хүлээн авахад сайн тохирдог. RFID хяналтын болон нэвтрэх зохицуулах, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хянах, хөрөнгө бүртгэлийн системүүд зэрэг өргөн хүрээнд ашиглагдаж байна.
Утасгүй сенсор сүлжээ
Утасгүй сенсор сүлжээ нь “Эд юмсын интернет”-ийн тулгуур чулууны нэг юм. Ийм тархсан өөрийн зохицуулалттай сүлжээнүүд нь олон тооны хүлээн авах дамжуулах мэдрэгч, процессор, сенсор /ухаалаг дэлгэц/ бүхий жижиг зангилаануудаас тогтож, компьютерийн сүлжээ болон бодит ертөнцийг нэгтгэн холбодог гэж ойлгож болно. Тэдгээрийг маш өргөн хүрээнд ашиглах боломжтой: байр, байшинг автоматжуулах (“ухаантай байшин”), үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийн саатлыг урьдчилан хэлж өгөх гэх мэт.
“Эд юмсын интернет”-ийн хэрэглээ.
Ухаалаг байшин
“Ухаалаг байшин” чиг хандлага нь “Эд юмсын интернет”-ийн хамгийн хуучин гэж болохуйц хэсэг юм. Энэ нь орон сууцыг түүнийг эзэмшигчдийн тав тухтай байдлыг дээд зэргээр хангахын тулд ухаалаг технологийг ашиглан тохижуулахыг хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд гэрийн ухаалаг шийдлүүд улам уян хатан, олон үйлдэлтэй, хямд төсөр болж байна. Тэд эзнийхээ дадал зуршил, илүүд үздэг сонголтыг тогтоон авч, дулаан, цахилгааны их хэмжээний хэмнэлт гаргахуйцаар ахуйн техник хэрэгсэл, гэрэлтүүлгийг автоматаар зохицуулан ажиллуулах болжээ. Үүнээс гадна аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна: тэдгээр нь гэрт болж байгаа зүйлсийг зайнаас хянах боломж тусгагдсанаас гадна урилгагүй зочдын халдлага гэх мэт тохиолдолд үйл явцыг алсаас удирдан зохицуулах боломжоор хангагдаж байна.
Дулаан болон чийгшлийг мэдрэгчдийн тусламжтайгаар өрөө бүрд оновчтой микро-уур амьсгал бий болгох зэргээр тав тухтай байдлын түвшин үлэмж дээшилж байна. Эдгээр бүх ахуйн хэрэгслийг ухаалаг гар утаснаасаа удирдах болно. Цаашид үүнээс ч илүү: жишээлбэл бүх хэрэгслүүд RFID мэдрэгчтэй, хөргөгч RFID- уншигчтай бол тэр дотроо байгаа зүйлсийн баталгааны хугацаа дуусаж байгаа эсэхийг хянаж, эзэн ажилдаа гарах үедээ энэ мэдээллийг харж юу худалдаж авах шаардлагатай болохыг мэдэх боломжтой. Ингэхээр энгийн ахуйн хэрэгслүүд алхам тутамд бидний туслагч болон хувирч байна.
Мал аж ахуй
“Эд юмсын интернет” ертөнцөд бод малыг ч оруулж болно. Cow Tracking Project компани RFID мэдрэгчийг үхрийн чихний хөндийд суулгаж тэдний хөдөлгөөн, биеийн байдлыг хянаж байх боломж бүрдүүлсэн байдаг. Байнгын интернет хяналт шинжилгээ амьтдын үйл хөдлөлийн дурын өөрчлөлтийг хянаж, өвчлөл, биеийн байдлыг хянах боломж олгодог. Энэ технологийн тусламжтай мах, сүүний чанар хэмжээг ч дээшлүүлж болох юм –учир нь үүлдэр бүрд таарсан хөдөлгөөн, тэжээлийн горимыг тогтоож болох юм.
Логистик
RFID-микросхемүүд үйлдвэрлэлийн хадгалалт, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үр ашигтай хэрэглэгдэж болох юм. Бүтээгдэхүүнийг бэлтгэхээс эхлээд, агуулахад хадгалах, хэрэглэгчид хүргэх хүртэл бүх технологийн үйл явцыг хянаж болно. Хуучин арга барилаар, ихэнх нь гар аргаар, олон тооны орлого, зарлагын гэх мэтийн баримт бичиг үйлдэн хийгдэг олон тооны ажил үйлдлүүд дээд хэмжээгээр автоматчилагдах юм. Эдгээр мэдрэгчийн ачаар худалдаж буй барааны төлөв байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ийм маягаар компани өөр тивээс захиалсан өндөр үнэтэй бүтээгдэхүүн хангалттай сайн хамгаалагдаж тээвэрлэгдсэн эсэхийг тогтоож болох юм. Мөн жишээлбэл, жирийн иргэд виноны лонхон дээрх мэдрэгчээс мэдээлэл уншуулах замаар түүнийг тээвэрлэх, худалдах явцад хадгалалтын горим зөрчигдсөн эсэхийг мэднэ. Электрон мэдрэгчүүд нэвтэрч ашиглагдах үед төлбөр хийхээр дугаарлаж зогсох шаардлагагүй болно. Сагстай худалдан авсан зүйл худалдааны танхимаас авч гарах үед чинь тооцоо хийгдэж, төлбөрийн картаас тооцоо хасагдана.
Анагаах ухаан болон эрүүл мэнд
Хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих нь “Эд юмсын интернет”-ийн хэрэглээний чухал салбарын нэг юм. Тэр дундаа хүний хөгшрөлтийн явцад хяналт тавих нь гэх мэт. “Эд юмсын интернет” өвчтөн болон өндөр настнуудын амьдралын чанарыг эрс дээшлүүлэх боломжтой. Жишээ нь: жижиг хэмжээтэй зөөврийн төхөөрөмж хүний эрүүл мэндийн байдлын тухай өгөгдлийг уншиж, тодорхой хязгаарын үзүүлэлтийг түгшүүрийн дохио болгон илгээх боломжтой. Түүнчлэн ийм төхөөрөмж хүн унасан буюу хэвтээ байдалтай байгааг тогтоож түргэн тусламж дуудаж чадна.
Phillips компани хүрээлэн буй орчны өгөгдөхүүнийг (жишээ нь бохирдол) хэмжиж, тухайн хүний хувийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй харьцуулах (жишээ нь харшлын шинжтэй өвчлөлийн) чадвар бүхий “ухаалаг даавуу”-гаар футболк хийхээр ажиллаж байна.
Siemens компани аюулын дохио (дохиолол, байгалийн гамшгийн тухай дохио) зэргийг хүн өөрөө сонсохоос илүү хурдан сонсох боломжтой сонсголын аппаратын нэмэлт сайжруулалтыг хийхээр ажиллаж байна.